YOGA MED
ИОГ-оор хичээллэсэн хүний ЭРҮҮЛ, САРУУЛ, СТРEСС ҮГҮЙ амьдрах завшаан гийнэ.
Аав шигээ мөрөөдөлтэй хүн хэр олон бн?😜❤❤❤
Төрсөн нутгаа хол гээд би мартаагүй
Төрөл саднаа ядуу гээд би хаяагүй...
18/05/2026
2-р бүлэг
Энэ бүлэгт нэгэн дээд төрөлтөн буюу бодьсадва "Шагжамуни бурхны талаар урт наслах 2 чухал үйлийг ханатал үйлдсээр байхад яагаад 80хан наслав" гэж ухан бодохдоо Бурхны үйлдсэн сайн үйлүүдийг сайн сайхнаар бодсон учир түүний гэрт Бурхад бууж түүнд хариултыг номлож буй тухай өгүүлнэ. Эндээс аливаа саар зүйл байсан ч сайн талаас нь бодож үзвэл сайн зүйлс дэлгэрдэг гсн утгыг агуулсан мэт...
Урт наслуулах 2 сайн үйлд:
1. Амь таслахыг тэвчих
2. Амьтай бусдыг хооллох
Багтдаг хэмээжээ.
Сургааль дундуус иш татваас:
Үхнэ гдг нь амьдралыг үнэ цэнэтэй болгодог, мэдлэг сайн чанарыг нандигнах сэтгэл үүсгэхийн тулд, уулзах завшааныг ховор байлгаж Бурхад хүртэл богино насалсан юм хэмээх утгаар тайлбарлажээ.
Мөн ядуу амьдралын учир шалтгааныг ийн тайлбарлажээ. ... Ядуу тарчигийн бэрхийг биеэр үзэж мэдрээд Баялаг олж бүтээх чадварт хичээнгүйлэн суралцах амьдралын нэгэн үе шат бөгөөд ядуу зүдүүг тэвчиж амар амгаланг бүрдүүлэх бас нэгэн хичээл хэмээжээ.
Энэ мэт судрын утгыг тайлан ухаж уншваас энэ цаг дор судар таны дотор гэрэлтэж таны буян заяа нэгэн түвшинд өөдлөн дээшлэх болно. Ингээд судрыг тайлан уншицгаая.
ІІ бүлэг: Түүнчлэн залрагсдын насан сүүдрийн хэмжээг үзүүлэхүй;
Тэр цагийн тэр үед Ражагриха их хотод Ручира-кету (мон: Үзэсгэлэнгийн охь) хэмээгч бодьсадва-махасадва урьдын бурханд үлэмж бүтээлийг үйлдэн буяны ёзоорыг үүсгэсэн, зуун мянган түг түмэн голди бурханд өргөл хүндлэлийг үйлдсэн нэгэн сууж байжээ.
Тэр бээр ийн хэмээн бодвой, "Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан ямар учир, ямар шалтгаанаар энэ мэт нас сүүдэр ахар наяхан наслах болов?".
Бас ийн хэмээн бодов: "Ялж төгс нөгчсөн бурхан бээр ч "Хоёр учир шалтгаанаар урт наслах болой.
Хоёр нь аль вэ? хэмээвээс, энэ мэт амь таслахыг тэвчих хийгээд амны идээг машид өгөх болой" хэмээн зарлигласан бөлгөө.
Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан нь тоолшгүй олон зуун мянган түг түмэн голди галавт амь таслахыг тэвчих болоод арван буяны үйлийн мөрийг хүртэл үнэнхүү аван оршиж байсан.
Амны идээг, мөн гадна дотны эд зүйлсээ амьтдад огоот өгчээ. Улмаар өөрийн биеийн мах хийгээд цус, яс, чөмгөөрөө ч өлссөн амьтдыг цэнгүүлэн зохиосон атал эглийн идээ, бусдыг хэлэх юу байх вэ".
Тэгээд дээд төрөлхтөн тэр бээр Бурханы талаар бодсон бодлоосоо энэ мэтийн ёсыг санаж, эдгээрийг сэтгэвээс түүний гэр нь уужим хийгээд агуу, хөх биндэръяагаас бүтсэн, тэнгэрийн эрдэнэ олноор чимэглэгдсэн, Түүнчлэн заларсан бээр өнгийг нь урвуулж, тэнгэрийн эдээс ч хэтэрсэн үнэртнээр түгэх болов.
Түүний гэрийн дөрвөн зүгээс тэнгэрийн эрдэнийн дөрвөн ширээ гарч ширээ тэдгээрээс ч тэнгэрийн эдээр урласан эрдэнийн цэмбэн дэвсгэр гарсан.
Ширээ тэдгээр ч тэнгэрийн цэцэг, их эрдэнийн лянхуа олноор чимэглэгдэж, Түүнчлэн заларсан бээр өнгийг нь хувилгасан нугууд болсон.
Лянхуа тэдгээрээс ч Ялж төгс нөгчсөн дөрвөн бурхан гарсан болой.
Зүүн зүгээс нь Түүнчлэн заларсан Акшобя гарав.
Өмнө зүгээс Түүнчлэн заларсан Ратнакету гарав.
Баруун зүгээс Түүнчлэн заларсан Амитаба гарав.
Хойд зүгээс Түүнчлэн заларсан Дундубисвара гарав.
Арслант ширээ тэдгээрээс Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээр гармагц тэр цагт Ражагриха хот их гэгээгээр түгэв.
Тэрхүү гэрэл нь гурван мянган их ертөнцийг хүртэл мөн арван зүг бүхэн дэх хийгээд Ганга мөрний элсний тооны төдий ертөнцийн орон хүртэл түгэх болов.
Түүнчлэн тэнгэрийн цэцгийн хур ч бууж, тэнгэрийн хөгжмийн дуу ч гарав.
Бурханы хүчээр гурван мянган их ертөнцийн орон энд амьтан бүгд нь ч тэнгэрийн амгалан лугаа төгөлдөр болж, эрхтэн дутуу амьтад нь эрхтэн бүгд нь төгөлдөр болж, харалган сохор амьтад нь нүдээрээ дүрсийг үзэж, чих дүлий амьтад нь чихээрээ дуу сонсож, ухаан мунхарсан амьтад нь ой санамжаа тус тус олж, сэтгэл нь нэн алгасарсан амьтад нь сэтгэл нь нэн алгасрал үгүй болж, үгээгүй ядуу амьтад нь хувцсыг өмсөх болж, өлссөн амьтад нь ч ходоод нь цатгалан болж, ундаассан амьтдын ундаассан нь арилж, өвчинд нэрвэгдсэн амьтдын өвчин нь эдгэж, эрхтэн доройтсон амьтад нь эрхтэн бүрэн болж, ертөнцөд машид гайхамшигтай юмс агуу их гарсан байна.
Тэгээд Ручира-кету бодьсадва бээр Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээрийг үзээд машид гайхан алмайраад, цэнгэн биширч баяссан хийгээд машид баясаад, баясгалан хийгээд сэтгэлийн амгалан төрж, Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээр хаана буй тэр зүгт алгаа хавсран сөгдөөд, Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээрийг даган дурдав.
Тэгээд Ялж төгс нөгчсөн Шагжамунийн эрдмийг даган санаж, Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурханы нас сүүдрийн хэмжээнд эргэлзэж, "Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан энэ мэт ная наслах бөгөөд нас сүүдэр нь ахархан энэ мэт нь юу нэг вэ?" хэмээн сэтгэн суув.
Түүний санааг Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээр болгоон мэдэж, Ручира-кету хэмээх бодьсадвад ийн хэмээн зарлиглав:
"Язгуурын хөвгүүн та, "Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан энэ мэт нас сүүдэр ахархан болой' хэмээн ийн бүү сэтгэгтүн!
Тэр юуны тулд хэмээвээс язгуурын хөвгүүнээ, түүнчлэн заларсан, дайсныг дарсан, үнэнхүү төгсгөсөн бурхадаас өөр тэнгэр нар, шулмас нар, эсрэн тэнгэр, буяныг судлаачид, бярмангийн төрөлхтөн зэрэг ертөнцөд тэнгэр, хүн, асур сэлт Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан Шагжамуни бурханы нас сүүдрийн хэмжээ хязгаар, сүүлийн хязгаар төгсгөлийг ч эд бээр хэн нь ч мэдэж чадахгүй".
Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээр бээр Түүнчлэн заларсаны нас сүүдрийн хэмжээг номлохыг өгүүлмэгц тэр даруйд бурханы хүчээр хүсэл эдлэгч тэнгэрийн хөвгүүд хийгээд дүрс эдлэгч тэнгэрийн хөвгүүд, тэнгэр, лус, ягчис, үнэр идэшт, асур, гарьд, миамжи, их дочэ, олон зуун мянган голди түг түмэн бодьсадва хураад, Ручира-кету бодьсадвын гэрт цуглавай.
Тэгээд түүнчлэн заларсан тэдгээр бээр бүгд төгөлдөр нөхөд тэдэнд Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурханы нас сүүдрийн хэмжээг номлосон шүлгийг товчлон зарлигласан болой.
Хамаг далайн ус бүгдийн
Дусал бүрийг тоолж чадахнаа ч
Харин Шагжамунийн насны хэмжээг
Хэн бээр ч тоолж үл чадъя уу!
Хамаг Сүмбэр уул бүхэнд буй
Хамгаас нарийн тоосыг тоолж чадавч. Харин Шагжамунийн насны хэмжээг
Хэн бээр ч тоолж үл чадъя уу!
Хамаг газарт алин байгаа
Хамгаас нарийн тоос хэдий чинээ
Хамаг бүгдийг тоолж чадах байлаа ч
Харин бурханы насны хэмжээг чадахгүй
Хэрэв зарим бээр огторгуйг
Хэмжээс нэгээр жишихийг хүсэвч
Харин Шагжамунийн насны хэмжээг Хэн бээр ч тоолж үл чадъя уу!
Гэгээрсэн бурхан өдий чинээ оршино Галвууд нь төдий чинээ нэг
Галав голди, зуу болой хэмээн
Тоогий нь олж үл болох болой
Учир нь түүний үйлдэхийн шалтгаан хоёр, Уг шалтгаан ч хоёр янз гэж зарлигласан Аливаа бусдыг хөнөөхийг тэвчих хийгээд Амны идээ олныг өгөх болой
Тиймийн тул их мөн чанарт түүний Нас сүүдрийн тоо хэмжээг олохгүй бөгөөд
Галав өдий чинээ нэг хэмээх юм уу Тоолшгүй нь ч бас түүн шиг болой
Тиймээс эргэлзэх үгүй болно
Өчүүхэн ч бүү эргэлзэхтүн
Туулсан бурханы нас сүүдрийн хэмжээний
Эцсийн тоо нь хаана ч байхгүй болой.
Тэгээд Ручира-кету бодьсадва бээр Ялж төгс нөгчсөн бурхан Шагжамунийн нас сүүдрийн хэмжээний номлолыг сонсоод Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээрт ийн хэмээн айлтгав:
"Ялж төгс нөгчсөн Шагжамуни, Түүнчлэн заларсан мөн атал яагаад тэр мэт нас сүүдрийн хэмжээг ахархан гэж үзүүлэх болов" хэмээсэнд Ялж төгс нөгчсөн тэдгээр бурхад бээр бодьсадва Ручира-кету-д ийн хэмээн зарлиглав:
"Түүнчлэн заларсан, Ялж төгс нөгчсөн Шагжамуни тэрээр таван цөвүүн цагийн ертөнцөд төрөлхтөн бүгдийн насны хэмжээ нь зуун жил хүрч чадах үест мэндлээд, сүжиг бишрэл муутай амьтан, буяны ёзоор хийгээд сүжиг багатай тэдгээр амьтанд миниймхийлэн үзэх, амьтанд үзэх, амин дор үзэх, амьдарч байна гэж үзэх, бодгалд үзэх, буруугаар үзэх ба би хийгээд миниймхийлэн баригч нар ба мөнхөд хийгээд тасархайд үзэх тэргүүтэн нялхас эгэл төрөлхтөн нарт туслах, басхүү тэрсүүд нарт үнэнхүү үзлийг төрүүлж түргэн тэнцэшгүй бодийг олуулж үйлдэхийн тулд түүнчлэн заларсан Шагжамуни тэр бээр нас сүүдрийн хэмжээгээ ахархан болгож үзүүлсэн болой."
"Басхүү Язгуурын хөвгүүнээ, түүнчлэн заларсан тэр гаслангаас нөгчигсөнийг үзүүлснээр бурхадтай уулзан учрахад ховор бэрхийн хуран мэдэл хийгээд бэрхшээл зовлонгийн хуран мэдлийг амьтан тэдэнд үүсгэснээр Ялж төгс нөгчсөн бурханы зарлигласан судар эдгээрийг түргэн барих, хадгалах, унших, бүгдийг ойлгож ухаарах, бусдад ч агуу ихээр үнэнхүү зааж өгвөл хочлол талбих зэрэг байхгүй болох учраас, тэдгээрийн тулд түүнчлэн заларсан бээр нас сүүдэр ахарханыг үзүүлсэн болой.
Тийнхүү түүнчлэн заларсан ертөнцөд мөнхөд оршиж гаслангаас эс гэтэлвээс амьтан бишрэл үгүй болж уулзахад бэрхтэйн хуран мэдэл төрөхгүй учраас түүнчлэн заларсан бээр зарлигласан судар эдгээрийг түргэн барих, хадгалах, унших, бүгдийг ойлгон ухаарах, бусдад ч агуу ихээр үнэнхүү үзүүлж заахгүй болой.
Тэр юуны тулд хэмээвээс тэр нь Ялж төгс нөгчсөн мөнхөд ертөнцөд оршино гэж бодсоны тулд болой."
"Язгуурын хөвгүүнээ, жишээлбэл, зарим нэгний эцэг эхэд нь олон овоолготой их эрдэнэ байгааг үзвээс эрдэнэ гэдэг ховор хийгээд гайхамшигтайн хуран мэдэл түүнд төрөхгүй болой.
Тэр юуны тулд хэмээвээс эцэг эхийн эрдэнэ, эд баялаг үргэлжид байхын хуран мэдэл төрсний тулд болой.
Түүн шиг Ялж төгс нөгчсөн үргэлжид гаслангаас үл хэтэрвээс түүнийг ховор агаад учрахуйяа бэрх гэж хуран мэдэл төрөхгүй болой.
Язгуурын хөвгүүнээ, бас үлгэрлэвээс, эцэг эх нь ядуу, эд таваараар хомс нэгэн бээр хаан юмуу, их түшмэл нэгний гэрт очоод тэдгээрийн гуу сан, эд таваар, их эрдэнэ тэргүүтэн дэлгэрэнгүй олныг үзвээс, түүнд ховор хийгээд олохуйяа бэрхийн хуран мэдэл төрж ядуу тэр бээр эд эрэхийн аргыг бүтээхэд хичээж үйлдэх болой.
Тэр нь ядуу зүдүүг тэвчиж, амгалан хийгээд доривжилгоог бүтээхийг хүсэхийн тулд болой."
“Язгуурын хөвгүүнээ, тэр мэт түүнчлэн заларсан гаслангаас хэтрэхийг үзвээс тэрээр ховор, учрахуйяа бэрх хэцүү гэх зэргийн гаслан зовлонгийн хуран мэдэл ч төрөх бөлгөө.
Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан ертөнцөд гарах нь ч тоолшгүй галавт хааяа нэг гардаг.
Үлгэрлэвээс удамбар цэцэг хааяа, ганц нэг удаа гардагтай адил. Амьтад түүнийг ховор хийгээд учрахуйяа бэрх хуран мэдлийг үүсгэснээр Ялж төгс нөгчсөн түүнд бишрэл төрөх болно.
Нигуураас нь зарлигласан судруудад ч үнэний хуран мэдэл хийгээд гүйцэд барихын хуран мэдлийг үүсгэх хийгээд хоч талбиж үйлдэхгүй болой."
“Язгуурын хөвгүүнээ, тиймээс түүнчлэн заларсан тэрээр уг тэрхүү учир шалтгаан түүний тулд ертөнцөд өнө удаан орших үгүй, түргэн гаслангаас гэтлэн зохиосноор түүнчлэн заларсад мэргэн арга хотол чуулган тэр мэтээр амьтдыг огоот гэтэлгэн зохиодог болой."
Тэгээд түүнчлэн заларсан дөрвөн бурхан тэдгээр ч үл үзэгдэх болов.
Тэгээд бодьсадва махасадва Ручира-кету хийгээд хэмжээлшгүй зуун мянган бодьсадва хийгээд бас хэмжээлшгүй зуун мянган голди амьтад хамтран Гридракута уул хаана буй тэнд очоод Ялж төгс нөгчсөн Шагжамуни түүнчлэн заларсанд оройгоороо мөргөөд нэгэн зүгт суувай.
Тэгээд Ручира-кету бодьсадва бээр ямар мэт болсон тэдгээрийг айлтгав. Тэгтэл түүнчлэн заларсан бурхан тэр дөрөв бээр ч Тасын цогцост ууланд Ялж төгс нөгчсөн Шагжамуни оршиж байгаагийн дэргэд заларч, тус тусын зүгийн суудлын дээр оршоод бодьсадва нөхөддөө зарлиглав:
"Язгуурын хөвгүүн одогтун! Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурханд хорлол хийгээд зүдрэл бага буюу? Явдал хөнгөн үү? Амгалантай оршиж байна уу? хэмээн айлтгагтун! Бас Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Шагжамуни бурханд Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан маш гүнзгий үүнийг амьтан бүгдэд туслах хийгээд ган зудын аюулыг огоот арилгаад бүгдийг амгалантай болгохын тулд үүнийг үзүүлсэн нь сайн байна. Даган баясан зохиох болой хэмээн айлтгагтун!".
Тэгээд тус тусын дэргэд байсан бодьсадва тэдгээр бээр Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан хаана буй тэнд хүрч очоод Ялж төгс нөгчсөний өлмийд оройгоороо мөргөөд Ялж төгс нөгчсөн дөрвөн бурхан тэдгээрийн ямар мэт зарлигласан түүнчлэн айлтгавай.
Тэгээд ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан, дайсныг дарсан, үнэнхүү туулсан Шагжамуни бурхан бээр бодьсадва тэдгээрт, сайн болой хэмээн зарлиглаад сайн болой, сайн болой.
Түүнчлэн заларсан дөрвөн бурхан бээр ч амьтан бүгдэд туслах хийгээд амгалангийн тусад дээдийн ном үүнийг номлохыг надад сануулан зохиосноор тэр цагт Ялж төгс нөгчсөн бээр шүлэг эдгээрийг номлосон болой.
Тасын цогцост ууланд би оршоод
Их эрдэнэ судар үүнийг номлон зохиосон ч
Олон төрөлхийтэн эдгээрийг гэтэлгэхийн тулд
Огоот гаслангаас гэтлэхийг ч үзүүлэн зохионо
Үзэл буруудсан эгэл нялхас тэд
Эдүгээ миний шажинд сүжиглэж эс үйлдсэн
Орчлонгоос тэдгээр бүгдийг гэтэлгэхийн тул
Огоот гаслангаас гэтлэхийг ч үзүүлэн зохионо
Тэгээд тэр цагт нөхдийн дунд хэмээгч хийгээд олон мянган бярмангууд Ялж төгс нөгчсөнд тахилыг үйлдээд, түүнчлэн заларсан, огоот их гаслангаас гэтлэгчдийн дууг сонсоод, даруй уйлж Ялж төгс нөгчсөний хоёр өлмийд сөгдөн бошго үзүүлэгч, багш бярман Гоундиняа Ялж төгс нөгчсөн бурханд айлтгав:
"Хэрвээ Ялж төгс нөгчсөн бурхан амьтан бүгдийг энэрэн таалж, төгөлдөр их нигүүлсэнгүйгээр туслахыг хүссэн, амьтан бүгдэд эцэг эх мэт тэнцүү бусыг ч тэнцүүд үзэх, сар мэт гийгүүлэн зохиож, билгүүн хийгээд их билгүүний нарыг ургуулах мэт байдаг бөгөөд хэрвээ та амьтан бүгдийг Рахула (түвд: Дажинзинба) шиг болгоодог л бол надад дээд нэгийг хайрлан соёрх."
Бурхан багш юу ч үл зарлиглан суувай.
Тэндээс бурханы хүчээр нөхдийн дотроос орь залуу Лигчави Сарва-лога-прияа-даршана (монгол: Амьтан бүгд бээр үзвээс баясахуй) хэмээгч тэр бээр самбаа төрөөд багш, эш үзүүлэгч бярман Гоундиняа-д ийн хэмээн өгүүлрүүн:
"Их бярман та Ялж төгс нөгчсөн бурханаас дээд нэг юуг айлтгав. Би бээр танд дээдийг өгөх болно."
Бярман бээр өгүүлэв, "Орь залуу Лигчави, Би Ялж төгс нөгчсөн бурханыг тахих тул чандарын үнс хэрэгтэй байна. Ялж төгс нөгчсөн бурханы юнгарын үр төдий чандарыг нэгийг шүтэхийг хүсэж байна. Юнгарын үр төдий чандар түүнийг илтэд тахиваас Гучин гурван тэнгэрийн орны эзэн ямагтыг олно хэмээн алдаршсан.
Аяа орь залуу Лигчави, Дээдийн Алтангэрэлт судар шарвага хийгээд брадигабуд бүгдээрээ мэдэхэд бэрхтэй, дотроо багтаахад бэрх, тэр мэтийн билэг чанар хийгээд эрдэм төгөлдөр дээд Алтангэрэлт судрыг номлоно хэмээн алдаршсаныг сонсогтун!
Аяа орь залуу Лигчави, Дээдийн Алтангэрэлт судар энэ нь тэр мэт мэдэхэд бэрхтэй хийгээд оноход бэрхтэй учраас алс хол газрын бярман бид нар, алин түүнийг хадгалваас амьтан бүхнээ түргэнээ Гучин гурван тэнгэрийн орны эзэн болох юнгарын үр төдий чандарыг эрдэнийн хайрцагт хийж хадгалж ч болох болой.
Аяа орь залуу Лигчави та юу болохноо ч түүнчлэн заларснаас юнгарын үр төдий чандарыг айлтгаад, чандарыг эрдэнийн хайрцагт хадгалснаар алив амьтныг Гучин гурван тэнгэрийн орны эзний төрлийг олуулахыг хүсэхгүй байна уу?
Аяа орь залуу Лигчави, би бээр дээд тэр мэтийг айлтгаж байна."
Тэгээд орь залуу Лигчави Сарва-лога-прияа-даршана тэрбээр эшийг үзүүлэгч багш бярман Гоундиняад шүлэгнүүдийг дахин өгүүлэв:
Хэзээ нэгэн цагт "Ганга"-ын урсгалаас
Хээрийн цэцгүүд төрөх ба
Хэрээ улаан болох хийгээд
Хөхөө дун мэт өнгөтэй болох,
Замбуу модонд далийн үр тогтох
Зовлонт модонд амараан жимс ургах
Тэр цагт юнгарын үр төдий
Чандарыг хайрлах болно буй заа.
Хэзээ нэгэн цагт яст мэлхийн үсээр
Хувцсыг сайтар нэхэх болоод
Өвлийн хүйтнийг арилгаж үйлдэх
Тэр цагт чандар байх буй заа.
Хэзээ нэгэн цагт батганын гар хөлөөр
Тулах баганыг сайтар үйлдэхүйд,
Хөдлөшгүй хийгээд маш бат болвоос
Тэр цагт чандар байх буй заа.
Хэзээ нэгэн цагт лянхуй хорхой бүхний
Шүд нь цайран ургах болоод
Хурц хийгээд их болох
Тэр цагт чандар байх буй заа.
Өндөр язгуурт авирахын тулд
Өдгөө нэгэн цагт туулайн эврүүдээр
Өгсөх шатыг сайтар үйлдэх болох
Тэр цагт чандар байх буй заа.
Нэгэн цагт шат түүгээр авираад
Нялхас бээр сарыг идэх хийгээд
Түүнчлэн Рахад ч гэсэн хорлож үйлдэх
Тэр цагт чандар байх буй заа.
Тосгонд нисэх зөгий бээр
Баартай архийг шимэн суугаад
Байшин гэртээ тухлан үйлдэх
Тэр цагт чандар байх буй заа.
Хэзээ нэгэн цагт илжиг хөөрхөн болж Хошуу нь улаан бимба жимс мэт болоод
Дуу, бүжигт мэргэн болох
Тэр цагт чандар байх буй ертөнцөд
Хэзээ нэгэн цагт шар шувуу, хэрээ хоёр
Хээр уулзаад энхрийлэлдэх хийгээд
Харилцан зохилдох болох болбоос
Тэр цагт чандар байх буй заа.
"Балаша"-гийн навч нугууд
Гурван эрдэнийн шүхэр болоод
Буух хураас халхалж чадах болох
Тэр цагт чандар байх буй заа.
Хэзээ нэгэн цагт далайн их онгоц
Хүрд хийгээд дарвуулнуудаа
Талд дэрвүүлээд одох болбоос
Тэр цагт чандар байх буй заа.
Хэзээ нэгэн цагт хэрээ, шар шувуунууд Гандамадана (монгол: Хүжийн үнэр анхилуулсан) уулыг
Хошуундаа зуугаад нисэх болох
Тэр цагт чандар байх буй заа.
Эшийг үзүүлэгч багш, бярман Каундиняа бээр эдгээр шүлгүүдийг сонсоод орь залуу Лигчави Сарва-лога-прияа-даршана түүнд шүлэг эдгээрээр хариу өгүүлэв:
Сайн болой, сайн болой, залуу эрхэм!
Бурханы хөвгүүн их сургаалт,
Баатарлаг хийгээд мэргэн аргат,
Бошгыг үзүүлэхийн дээдийг олсон,
Ертөнцийн итгэл аврал болсон
Түүнчлэн заларсаны эрдэм ямагтаас
Ер санаанд багташгүйг дараачлан
Залуу бээр надад сонсгож үйлдлээ.
Бурханы эрдэм санаанд багташгүй
Түүнчлэн залрагсад тэнцэл үгүй.
Бурхан бүгд үргэлжид амирласан.
Бурхан бүгд үнэнхүү гарсан.
Бурхан бүгд өнгө тэнцүү.
Энэ нь бурханы мөн чанар мөн болой.
Ялж төгссөн нь засвартай бус.
Ямарчлан заларсан үл эвдрэх учир
Очир мэтийн бат лагшин
Хувилгааны лагшинг төрүүлэн зохиосон
Тиймээс их аршийн чандар нь
Юнгарын үр төдий хэмээх үгүй.
Түүний лагшинд яс, цус үгүй болбоос,
Чандар байна гэж хаанаас болох вэ?
Амьтан тэдэнд туслахын тул
Аргаар чандарыг агуулан зохиодог.
Туулсан бурханы номын лагшин,
Түүнчлэн заларсан номын чанар
Номыг үзүүлэн зохиох ямар адил
Ялж төгс нөгчсөний лагшин ч тэр мэт
Би бээр үүнийг сонсож мэдээд
Би бээр дээдийг соёрхон айлтгав
Зөвхөн тэр ямагтыг иш үзүүлэхийн тулд Зөвлөн өгүүлэхийг би бээр үйлдэв.
Тэгээд гурван түм хоёр мянган тэнгэрийн хөвгүүн бээр Түүнчлэн заларсаны нас сүүдрийн хэмжээг үзүүлсэн гүнзгий энэ мэтийг сонсоод, бүгдээрээ тэнцэшгүй үнэнхүү төгс бодь сэтгэлийг үүсгээд бодол бүхэндээ машид баясаад дуу хоолойгоо нийлүүлэн шүлэг эдгээрийг өгүүлэв:
Бурхан мөнх бусыг огоот үзүүлэх бус;
Бурханы ном нь ч балрах бус;
Олон амьтныг төгс боловсруулан зохиохын тулд,
Огоот гаслангаас гэтлэхүйг заан үзүүлэх.
Ялж төгссөн бурхан санаанд багташгүй;
Түүнчлэн заларсан мөнхийн лагшин,
Амьтан бүхэнд туслахын тулд
Адилгүй лагшин элдвийг үзүүлдэг.
Тэгээд Ручира-кету бодьсадва махасадва бээр Ялж төгс нөгчсөн бурхан тэдгээр хийгээд дээд төрөлхтөн тэр хоёроос, Ялж төгс нөгчсөний нас сүүдрийн хэмжээг өгүүлэхийг сонсоод суудлаасаа босоод алгаа хавсран мөргөөд ийн хэмээн айлтгав:
"Ялж төгс нөгчсөөн, тэр мэт ялж төгс нөгчсөн бурхан тэдгээр нь мөнх бусыг үл үзүүлсэн болбоос, чандар нь ертөнцөд агуулж болохгүй биш үү?
Юуны тулд судрын аймгуудаас бурхан мөнх бусыг үзүүлэх хийгээд чандар нь ертөнцөд байхад тэнгэр хийгээд хүмүүн бээр бишрэх, хүндэтгэх зэргээр үйлдэх ба эрт цагийн бурхан Ялж төгс нөгчсөн нарын чандар ертөнцөд байхад тэнгэр хийгээд хүмүүн ертөнцийн тахилаар тахиваас буян хэмжээлшгүй олох болой хэмээн зарлигласан ба өнөөдөр энд тэдгээрийг үгүй болой хэмээн зарлиглаж байгаа энэ нь ч ямар мэт юм бэ? Ялж төгс нөгчсөн бурхан нигүүлсэнгүйгээр сайтар ялган номлон соёрх."
Тэгээд Ялж төгс нөгчсөн бурхан бээр Ручира-кету бодьсадва махасадва тэргүүтэн хурсан нөхөд тэдгээрт зарлиглавай:
"Ялж төгс нөгчсөн гаслангаас хэтрээд чандараа ертөнцөд үлдээнэ хэмээн зарлигласан нь тааллын утганд үзүүлсэн гэж мэдэж үйлдээрэй. Язгуурын хөвгүүн бодьсадва махасадваа, эдгээр түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэнхүү төгсгөсөн бурхан бээр үнэмлэхүй үнэний ёсонд арван зүйл их гаслангаас гэтэлсэн байдаг гэж мэдээрэй. Арав алин хэмээвээс энэ мэт юм:
(1). Түүнчлэн заларснууд нисваанисын түйтгэр хийгээд мэдэгдхүүний түйтгэрийг огоот тэвчсэнээр гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(2). түүнчлэн заларсан бурхад бээр бодьгалын би үгүй хийгээд номын би үгүйг илтэд болгоосноор гаслангаас хэтэрсэн,
(3). биений орон хийгээд номын орон болсноор гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(4). амьтдыг номхотгохын зохиол нь зөнгөөрөө бүтсэн учир гаслангаас хэтэрсэн хэмээх,
(5). үнэмлэхүй ямагтыг илтэд болгоосноор билэг чанар тус тусдаа үгүй учраас номын лагшинг тэнцүүлсэний тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(6). орчлон хийгээд нирвааны мөн чанар хоёр үгүйг илтэд болгоосноор гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(7). юм бүгдийн мөн чанарыг мэдсэнээр нэн арилсаныг илтэд болгоосны тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(8). юм бүгд төрөх хийгээд эвдрэх үгүй бүтэхэд мэрэгжсэн тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(9). түүнчлэн ямагт, номын мөн чанар хийгээд үнэмлэхүй хязгаарыг тэгшитгэсэн билгүүнийг олсоны тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(10). юм бүгдийн түүнчлэн ямагт хийгээд гаслангаас гэтэлсэний түүнчлэн ямагтад ялгаа үгүйг болгоосон учраас гаслангаас хэтэрсэн хэмээсэн болой."
"Бас язгуурын хөвгүүн бодьсадва махасадваа, арван ном эдгээрээр нь түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэнхүү төгсгөсөн бурхан бээр үнэмлэхүй хийгээд үнэний ёсонд их гаслангаас гэтэлсэн байдаг гэж зарлигласан болой. Арав алин хэмээвээс, энэ мэт нисваанис бүгдийн суурь нь шунал хүсэл бөгөөд алин дор тэмүүлсэн түүндээ шунал төрөх болой.
(1). Бурхан ялж төгс нөгчсөн нь шунал хийгээд хүслээс хагацсаны тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(2). түүнчлэн заларсад нь шунал хийгээд хүсэл бүгдээс хагацаад ном алиныг ч үл авсаны тул барих үгүй, одох, ирэх, авах үгүй, тиймийн тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(3). одох, ирэх, авч үйлдэх байхгүй тэр нь номын лагшин бөгөөд төрөх хийгээд хаагдах үгүй болой. Төрөх хийгээд хаагдах үгүй тэр ямагт нь гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(4). төрөх хийгээд хаагдах үгүй тэр нь үгээр өгүүлшгүй, үгийн мөрнөөс тасарсаны тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(5). би үгүй ба бодьгал үгүй хийгээд төрөх ба хаагдахын юм төдийгөөс орших юүлэхийг олсоны тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(6). нисваанис хийгээд ойрын нисваанис нугуудыг зуурдын зүйлд болгоосон хийгээд алин номын чанар тэр нь орших буюу одох ба ирэх үгүй гэж бурхан Ялж төгс нөгчсөн бээр илтэд болгоосны тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(7). үнэмлэхүй нь үнэн бөгөөд тэрнээс бусад нь худал болой. Алин үнэн тэр ямагт нь үнэмлэхүй бөгөөд үнэмлэхүй ямагт нь түүнчлэн заларсан ямагт учраас түүнийг гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(8). үнэмлэхүйн хязгаар ямагт нь цацралт үгүй, түүнчлэн заларсан ганцаараа үнэмлэхүйн хязгаарыг илтэд болгоосон хийгээд цацарлыг чухал амирлуулсан тэр ямагтыг гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(9). төрөх үгүй нь үнэн төрөх нь худал учраас нялхас эгэл төрөлхтөнүүд нь орчлонгийн шаварт шигдсэн, түүнчлэн заларсаны лагшин нь үнэн үнэмлэхүй бус бишийн тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(10). үнэмлэхүй бус юм нь шалтгаанаас төрсөн, үнэмлэхүй үнэн юм нь шалтгаанаас төрсөн биш, түүнчлэн заларсаны номын лагшин нь ч үнэмлэхүй үнэн ямагт мөн учраас түүнийг гаслангаас хэтэрсэн хэмээсэн болой."
"Бас язгуурын хөвгүүн бодисадва махасадваа, ийм арван номоор түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэнхүү төгсгөсөн бурхад бээр үнэмлэхүй хийгээд үнэний ёсыг мэдсэнээр их гаслангаас гэтэлсэн гэж мэдэх болно. Арав алин хэмээвээс энэ мэт юм:
(1). Түүнчлэн заларсан бээр өглөг хийгээд өглөгийн үрийг би хийгээд миниймхийлэн үйлдэлгүйгээр машид мэдсэн учраас өглөг тэр ба түүний үрд буруу нэн атгаглахыг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(2). түүнчлэн заларсан бээр шагшаабад хийгээд шагшаабадын үрийг би хийгээд миниймхийлэн үйлдэлгүйгээр машид мэдсэн учраас шагшаабад
тэр ба түүний үрд буруу нэн атгаглахыг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(3). түүнчлэн заларсан бээр тэвчээр хийгээд тэвчээрийн үрийг би хийгээд миниймхийлэн үйлдэлгүйгээр машид мэдсэн учраас тэвчээр тэр ба түүний үрд буруу нэн атгаглахыг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(4). түүнчлэн заларсан бээр хичээнгүй хийгээд хичээнгүйн үрийг би хийгээд миниймхийлэн үйлдэлгүйгээр машид мэдсэн учраас хичээнгүй тэр ба түүний үрд буруу нэн атгаглахыг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(5). түүнчлэн заларсан бээр дияан хийгээд дияаны үрийг би хийгээд миниймхийлэн үйлдэлгүйгээр машид мэдсэн учраас дияан тэр ба түүний үрд буруу нэн атгаглахыг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(6). түүнчлэн заларсан бээр билгүүн хийгээд билгүүний үрийг би хийгээд миниймхийлэн үйлдэлгүйгээр машид мэдсэн учраас билгүүн тэр ба түүний үрд буруу нэн атгаглахыг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн,
(7). түүнчлэн заларсан бээр амьтан хийгээд амьтан үгүйг машид болгоосон хийгээд юм бүгдийн мөн чанар үгүйд буруу нэн атгагласныг огоот тэвчсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн хийгээд алин шуналын мөн чанартай нь мэдрэхүйд шамдан үйлдэх болой. Мэдрэхүйд шамдан үйлдсэний эрхээр зовлон элдэв янзыг амсах болой.
(8). Түүнчлэн заларсан бурхад нь би хийгээд миниймхийлэн барихыг огоот тасалсан хийгээд мэдрэхүйг үл эрхшээсэн учраас гаслангаас гэтэлсэн хэмээсэн
(9). хуран үйлдсэн юм бүгд нь тоо хийгээд хэмжээ байх дор хуран эс үйлдсэн юмс нь тоо хийгээд хэмжээ бүгдээс хагацсан бөгөөд бурхан бээр хуран үйлдсэн юмыг тэвчсэн хийгээд хуран эс үйлдсэн юмыг илтэд зохион тоо хийгээд хэмжээ үл эрхшээсэн тул гаслангаас хэтэрсэн хэмээсэн,
(10). түүнчлэн заларсан бээр амьтан хийгээд юмсын мөн чанар бүхэн хоосон хийгээд хоосон түүнээс бусад нь ч байгаа бус хийгээд хоосон мөн чанартай тэр ямагт үнэнхүү номын лагшин мөн учраас тиймийн тул түүнд гаслангаас хэтэрсэн хэмээсэн буюу Язгуурын хөвгүүнээ арван ном тэдгээрээр нь гаслангаас хэтэрсэн хэмээсэн болой."
"Бас язгуурын хөвгүүнээ, түүнчлэн заларсан гаслангаас хэтрээгүй тэр ямагт их гайхамшигтай биш. Бас гайхамшигтай үйлдвэр арван ном байдаг. Тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой. Арав алин хэмээвээс энэ мэт:
(1). Орчлон нь гэм лугаа төгөлдөр нирваан нь амирлангуй хийгээд аглаг мөн болбоос орчлон хийгээд нирваан тэр хоёрыг тэнцүү мэдсэн учраас орчлонд ч үл орших нирваанд ч үл орох бөгөөд алин амьтдын тусад үл уйсах тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(2). Түүнчлэн заларсан бурхад бээр эгэл нялхасын чанх буруу явдал хийгээд элдэв нисваанисаар эзлэгдсэнийг болгоосон ч эдгээрийг нэн гэтэлгэж үйлдэх болой хэмээн үл бодох боловч урьдын нигүүлсэнгүй хийгээд буяны ёзоорын хүчээр амьтан эдгээрийн тус тусын ухаан хийгээд мөн чанар ба санаа юунд дурласныг, атгагийг үл эрхшээн зөнгөөрөө бүтэхийн ёсоор сүүлчийн хязгаарт тулах үгүйгээр тус хүргэх хийгээд номыг үзүүлдэг тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(3). Түүнчлэн заларсан бурхад бээр амьтан бодьгалд эрхэм зарлиг арван хоёр гишүүнийг дэлгэрэнгүй үзүүлсэнээр тус хүргэх болой хэмээн таалахгүй боловч урьдын нигүүлсэнгүй хийгээд буяны ёзоорын хүчээр амьтан эдгээрт эцэс хойдод тулах үгүйгээр номыг дэлгэрэнгүй үзүүлсэн тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(4). Түүнчлэн заларсан бурхад хот, тосгон, сууринд заларсан хийгээд хаан ба түшмэл, бярман, хааны язгуур, ноёдын язгуур, доод язгуур тэргүүтний гэрт бинаваадыг авах болой хэмээн таалаагүй боловч урьдын лагшин, зарлиг, тааллын явдлыг бясалгасны хүчээр зөнгөөрөө бүтсэн бинаваадад морилох хийгээд тус хэргийг зохиосон тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(5). Түүнчлэн заларсан бурхадын лагшин өлсөх хийгээд ундаасахыг ч үл эрхшээсэн, өтгөн, шингэнээс лагшин нь энэлж доройтохыг ч үл эрхшээн бинаваадыг авах нь үзэгдсэн ч түүнд соёрхох нь ч үгүй, түүний нэн атгаг нь ч үл эрхшээсэн боловч амьтанд туслахын тулд бинаваадыг соёрхож үзэгдэж байгаа тэр нь түүнчлэн заларсан бурхадын зөнгөөрөө бүтсэн явдал болой.
(6). Алин түүнчлэн заларсан бээр амьтан эдгээрийн ухаан дээд, дунд, адаг ямар мэт номыг үзүүлэх болой хэмээн таалахгүй боловч Ялж төгс нөгчсөн бурхан бээр тус тусын ухаан хийгээд сав ямар мэт болохыг атгагийг эрхшээлгүй машид болгоох хийгээд тэдгээрт номыг үзүүлэх тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(7). Түүнчлэн заларсан бурхад бээр амьтан эдгээр нь бишрэлгүй, үргэлжид ширүүн үгээр мууг өгүүлдэг мөн учраас эдгээртэй хамт өгүүлэхгүй болой, амьтан эдгээр нь надад үргэлжид биширч үйлдэх магтах хийгээд яруу өгүүлдэг мөн учраас эдгээртэй хамт өгүүлж үйлдэх болой хэмээн Түүнчлэн заларсан бээр таалахгүй бөгөөд асрахуй ба нигүүлсэнгүйгээр хоёр үгүй тэгшид таалах тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(8) Ялж төгс нөгчсөн бурхад асран уурлах, омог, хүсэл, харам тэргүүтэн нисваанис эрхшээгээгүй боловч түүнчлэн заларсан бурхад нь үргэлжид аглагт баясах хийгээд хуран үймээн бүгдийг тэвчээд, хүсэл багыг сайшаан зохиодог тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(9). Түүнчлэн заларсан бурхад нь зарим нэг ном төдийг үл мэдсэн бус буюу таалалдаа багтаагаагүйг эрхшээгээгүй хийгээд орон бүгдэд толь мэт билгүүнийг илтэд болгосон учраас нэн атгаг үгүй боловч Түүнчлэн заларсан бээр амьтан эдгээрийн үйл хийгээд явдлыг болгоогоод тэдгээрийн санаанд зохилдон найруулснаар аргаар татах хийгээд орчлонгоос гэтэлгэх тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой.
(10). Түүнчлэн заларсан бурхад бээр амьтан алин баян хийгээд идэрхэнийг болгоохноо ч баясал үл төрж, гутарсан хийгээд доройтсоныг болгоохноо ч гутарлыг үл зохиох боловч түүнчлэн заларсан бурхад амьтан тэдгээрийн үнэнхүү явдал бүтээлийг болгоогоод торолтгүй их нигүүлсэнгүйгээр авран зохиодог болой, зарим амьтдын буруу явдалыг болгоохноо ч тачаах үгүй их нигүүлсэнгүйгээр аврах хийгээд барьдаг тэр нь түүнчлэн заларсан бурхадын явдал болой."
"Язгуурын хөвгүүнээ, энэ нь Түүнчлэн заларсан, Дайснаа дарсан, Үнэнхүү төгсгөсөн бурхадын үнэмлэхүй явдал хязгааргүйг үзүүлсэн хийгээд гаслангаас хэтэрсэн үнэмлэхүй үнэний билэг чанарт хуран мэдэж үйлдэхтүн!
Бусад үест гаслангаас хэтрэх хийгээд чандарыг ертөнцөд орхино хэмээн үйлдсэн тэр нь мэргэн аргыг үзүүлсэн бөгөөд амьтан төрөлхтөний тахил, өргөл хүндлэлийг үйлдэх тэдгээр нь ч түүнчлэн заларсаны нигүүлсэнгүй хийгээд буяны ёзоорын хүч мөн гэж мэдэж үйлдээрэй!
Түүнд зарим нэгэн тахиж хүндэлж үйлдсэн тэр нь ирээдүй цагт найман чөлөөгүйг огоот тэвчээд түүнчлэн заларсан бурхадтай учрах, буяны садантай төгөлдөр байх, бодь сэтгэлийг үл орхих, буян хэмжээлшгүй арвижих, орчлонгоос түргэн гэтлэх, орчлонгийн хүлээсээр хүлэгдэхгүй дээд явдал энэ мөн учраас чи бээр шамдан бүтээж алгасралгүй үйлдээрэй!"
Тэгээд Ручира-кету бодьсадва бээр Ялж төгс нөгчсөн гаслангаас үл гэтлэхийн утга хийгээд гүнзгий тэвчээрийг үзүүлэхэд, Ялж төгс нөгчсөнөөс илтэд сонсоод алгаа хавсран сөгдөөд ийн хэмээн айлтгавай:
"Өнөөдөр би бээр Түүнчлэн заларсан их багшаас гаслангаас үл гэтлэх хийгээд чандарыг ертөнцөд орхих болон амьтан нугуудад агуу их тусыг зохиох үүнийг мэдээд бие, сэтгэл минь баясан гайхан бишрэх болбой."
Түүнчлэн заларсаны нас сүүдрийн хэмжээ үүнийг үзүүлбээс тоолшгүй, хэмжээлшгүй, хязгаарлашгүй амьтан тэдгээр бүгд тэнцэшгүй үнэнхүү төгс бодь сэтгэлийг үүсгэвэй.
Түүнчлэн заларсан бурхан тэдгээр ч үл үзэгдэх болоод Ручира-кету бодьсадва ч суудлаасаа босоод Ялж төгс нөгчсөний өлмийд мөргөөд дахин өөрийн орон тэр ямагтад суувай.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас
"Түүнчилэн залрагсдын насан сүүдрийн хэмжээг үзүүлэхүй" хэмээх хоёрдугаар бүлэг болой.
*** Олноо түгээгч YOGA MED
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
976
